МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТОВЧ ТҮҮХ 1922-2020 ОН

  • 1922 он - Монголд тусгай мэргэжлийн анхны сургууль 1922 оны намрын сүүл сард “Багш нарыг бэлтгэх түр курс" нэртэйгээр байгуулагдсан нь Монголын оюутны спортын хөдөлгөөний үүсэл хөгжлийн эхлэл болов. Энэ онд “Цэргийн дарга нарыг бэлтгэх жинхэнэ сургууль" байгуулагдан сургалтанд нь биеийн тамирын хичээл анх оржээ.
  • 1922-1927 онууд- Монгол улсаас гадаадад суралцагч оюутнууд нь Монгол оронд орчин үеийн спортыг үүсгэн хөгжүүлэгч нар байв. ЗХУ-ын Оросын эв хамт залуучуудын эвлэлийн КИМ-ийн сургууль, 1926 онд 40 гаруй хүүхдийг Франц, Герман зэрэг орнууд, 1927 онд ЗХУ-ын Эрхүү хотын “Рабочий факультет" буюу “Рабфак"-т суралцахаар очсон Монгол оюутнууд спортоор хичээллэн өөрийн эх орондоо ирж, спортын шинэ төрлүүдийг Монгол улсад үүсгэн хөгжүүлсэн түүхтэй.
  • 1942 он- Монгол улсын анхны их сургууль “МУИС" байгуулагдав. МУИС-д “Цэрэг, биеийн тамирын тэнхим" анх 1948 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн МУИС-ын ректорын тушаалаар байгуулагдсан нь манай улсын ИДС-ийн түүхэнд хамгийн анхны биеийн тамирын тэнхим болсон.
  • 1947-1989 онууд- Энэ он жилүүдэд Дэлхийн залуучууд, оюутны их наадамд (ДЗО) Монголын оюутан, залуучууд оролцож ирсэн түүхтэй. Анх удаагаа 1947 оны 7 сарын 25-наас 8 сарын 17-ны өдрүүдэд Чехословакийн Прага хотноо ДЗО-ны их наадам болж үндэсний бөхийн дархан аварга Б.Түвдэндорж, даян аварга Ц.Чимид-осор, үндэсний сурын тамирчид орж, оюутан тамирчид оролцов.
  • 1948 он -Биеийн тамирын мэргэжлээр анх удаагаа ЗХУ-ын Ленинградын цэргийн биеийн тамирын академийг Л.Чимэддорж төгсөж иржээ.
  • 1951 онд - Улсын багшийн институтыг байгуулж улмаар 1955 оноос УБДС-д биеийн тамирын багш, дасгалжуулагч нарыг бэлтгэж эхэлсэн.
  • Олон улсын оюутны холбоо (U.I.E.) –ноос зохион байгуулдаг өвөл, зуны төрлийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д Монголын тамирчид оролцож байсан ба анх удаагаа оюутны ДАШТэмцээн 1951 онд өвлийн төрлөөр Румыны Поиона хотноо болоход тэр үеэд ЗХУ-ын Ленинград хотын Лесгафтын нэрэмжит БТДСургуульд суралцаж байсан оюутан Б.Жигмиддорж (1954 онд төгссөн), Б.Аварзэд нарыг тухайн оронд сурч байхад нь Монгол улсыг төлөөлүүлэн оролцуулж байжээ.
  • 1959 он “Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам" улс орон даяар өргөн хүрээнд явагдаж, төв орон нутгаас шалгарсан олон багууд шигшээ тэмцээнд хүрэлцэн ирж, энэ үеэр Спортын төв ордоны нээлт болж анхны тэмцээнүүдээ зохиов.
  • МУИС-ийн биеийн тамирын тэнхимийн дэргэд 1959 онд анхны ИДС-ийн “Спорт клуб" үүд хаалгаа нээв.
  • 1965 он- Монголын оюутны баг тамирчид анх удаагаа 1965 онд Унгар улсын нийслэл Будапешт хотноо болсон “Дэлхийн оюутны спортын зуны IV дүгээр Универсиад наадам"-д эмэгтэй, эрэгтэй волейболын баг тамирчид оролцуулав.
  • 1973 он- ЗХУ-ын нийслэл Москва хотноо 1973 оны 8 сарын 15-нд зуны “Универсиад" наадам нээгдэж Монголын чөлөөт бөхийн тамирчин Ц.Нацагдорж Монгол улсаас Универсиадын анхны аварга болж, алтан медаль хүртсэн. Анхны хүрэл медалийг чөлөөт бөхийн тамирчин Ж.Мөнх-очир хүртэв.
  • Монгол улсаас анх удаагаа “Универсиад-73" наадамд чөлөөт бөхийн шүүгч О. Цэрэндагва, Ц.Чойнхор, Б.Дашням нар эх орноо төлөөлөн шүүгчээр ажилласан.
  • 1977 он- Олон улсын оюутны спортын холбоонд (ОУОСХ) Монгол улс анх удаагаа Болгарын Софи хотноо болсон ОУОСХ-ны Ерөнхий Ассамблейн хуралдаанаар тус байгууллагын жинхэнэ гишүүнээр элсэн оров.
  • Болгарын Софи хотноо болсон “Универсиад-77" наадмын чөлөөт бөхийн төрөлд ах дүү бөх З.Ойдов, З.Дүвчин нар алтан медаль хүртэн, О.Энхтайван, Ж.Даваажав нар хүрэл медаль авч Монголын баг тамирчид нийлбэр дүнгээр 78 орны тамирчидаас 13 дугаар байрт орж, Универсиадын түүхэнд Монголын баг тамирчдаас спортын хамгийн өндөр дээд амжилт гаргасан.
  • 1988 он- Монголын оюутан тамирчид анх удаагаа ОУОСХ-ноос зохиодог дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд жүдо бөхийн төрлөөр оролцож эхэлсэн. ЗХУ-ын Тбилиси хотноо болсон жүдо бөхийн оюутны ДАШТ –нээс гавьяат тамирчин Д.Баттулга оюутны ДАШТ-ний анхны хүрэл медаль хүртжээ.
  • 1989 он – Монгол улсад оюутны спортыг хөгжүүлэх, ОУОСХ-ны үйл хэрэгт Монголын оюутны идэвхтэй оролцоог хангах зорилгоор 1989 оны 6-р сарын 25-ны өдөр МХЗЭ-ийн Төв Хорооны товчоо, Шинжлэх Ухаан, техник дээд боловсролын улсын хороо, Биеийн тамир спортын улсын хорооны коллеги, Монголын Оюутны Холбооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 57/43/65/03 тоот тогтоолоор Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ)-г анх байгуулсан.
  • 1991 он- Монголын тамирчид Японы Саппоро хотноо болсон өвлийн “Универсиад" наадамд анх удаа баг тамирчидаа цана, тэшүүрийн төрөлд оруулав.
  • 1992 он- Монгол оронд тогтсон улс төрийн шинэ нөхцөл байдал, зах зээлийн эдийн засаг, өөрчлөн байгуулалтын үеэд МОСХолбооны дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчлэн боловсронгуй болгож 1992 оны 3 сарын 16-ны өдөр МОСХ-ны анхдугаар чуулган болж биеэ даасан төрийн бус байгууллага болсон.
  • 1993 он- Монголын “Оюутны хавар" спортын их наадам (ОСН) –ыг 1993 оноос нэрийг нь өөрчлөн үндэсний оюутны спортын наадам болгон дэлхийн оюутны “Универсиад" наадамтай адил 2 жил тутамд нэг удаа явагдах үеэчлэлд шилжүүлсэн.
  • Нийслэлийн ЗДТГазартай хамтран 1993 оноос эхлэн жил бүр оюутны нийтийн гүйлтийг зохион байгуулж ирэв. Нийтийн гүйлтэнд 30 гаруй ИДСК-ийн 5000 орчим оюутнууд тогтмол оролцож байна.
  • 1994 он- Болгарын Софи хотноо болсон дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд анх удаа шатрын төрлөөр 4 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцон МУИС-ийн оюутан, ОУМастер Ц.Батцэцэг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оюутны ДАШТ-ний анхны мөнгөн медаль хүртжээ.
  • 1995 он- Японы Фукуока хотноо 1995 оны 8 дугаар сарын 21-ны өдөр болсон ОУОСХ-ны Ерөнхий Ассамблейн 24 дүгээр хуралдааны шийдвэрээр МОСХолбоо нь ОУОСХ-ны гишүүн холбооны эрхийг албан ёсоор хүлээн авч, тус байгууллагад Монгол улсыг дангаар төлөөлөх эрх эдлэх болжээ.
  • 1996 он- МОСХ-ны хоёрдугаар чуулган 1996 оны 12 сарын 20-нд болж МОСХолбооны ерөнхийлөгчөөр “Бодь" группын ТУЗ-ийн дарга Данзандоржийн Баясгалан сонгогдов.
  • 1997 он- Баруун бүсийн оюутны спортын наадам анх удаагаа Завхан аймгийн Эдийн засгийн сургууль дээр зохиогдож эхлэсэн ба жил бүр баруун болон хангайн бүсийн аймгуудад ээлжлэн зохион байгуулагдаж байна.
  • 1999 он- Испаний Пальма де Мальорко хотноо болсон “Универсиад-99" наадмын жүдо бөхийн 73 кг жинд гавьяат тамирчин Х.Болдбаатар энэ төрлөөр Универсиадын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.
  • 2002 он- Монгол улсад анх удаагаа 2002 оны 9 дүгээр сарын 3-11–нд Спортын төв ордны “А" танхимд шатрын оюутны ДАШТ зохион байгуулсан юм. Энэ тэмцээнээс хойш Улаанбаатар хотноо 2006 онд чөлөөт бөхийн оюутны ДАШТ, 2010 онд боксын оюутны ДАШТэмцээнүүд зохиогдсон. Байт харвааны оюутны ДАШТ 2016 онд Улаанбаатар хотноо явагдана.
  • МОСХолбоо өөрийн эх орондоо шинэ спортын төрлүүдийг хөгжүүлэн модон бөмбөгийн спортыг Хятадын Тайваниас 2002 онд оруулж ирэн хөгжүүлж, 2014 оны Малайз улсад болсон оюутны ДАШТэмцээнээс Монголын тамирчид 2 хүрэл медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа.
  • 2003 он- Дэлхийн Оюутны спортын зуны XXII “Универсиад" наадмын үеэр БНСУ-ын Дэгү хотноо 2003 оны 8-р сарын 22- ны өдөр ОУОСХ-ны Ерөнхий Ассамблейн хуралдаанаар МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан нь 73 орны саналаар ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдов.
  • Буудлагын оюутны ДАШТэмцээн үерийн улмаас нэг жил хойшлогдон 2013 оны 9 сард Чехийн Пельзин хотноо болж Үндэсний БТДС-ийн оюутан О.Гүндэгмаа хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 м зайд оюутны дэлхийн аваргын анхны хошой алтан медаль хүртлээ.
  • Биеийн тамир, спортын тухай хуулинд оюутны спортын холбогдолтой заалтууд тус хуулийн 11, 16, 18, 22 зүйлүүдэд багтан орж батлагдан, төрийн бодлогод оюутны спортын ажил тусгалаа оллоо.
  • 2004 он- БНХАУ-ын Бээжин хотноо 12 сард болсон Азийн ОСХ-ны Ерөнхий Ассамблейн 4 дүгээр хуралдаанаар МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан АОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдов. Тэрээр 2010-2016 онд дахин 6 жилээр улиран сонгогдсон.
  • 2005 он- БТС-ын тухай хуулийн дагуу Монголын оюутны спортын анхдугаар “Универсиад"  наадмыг Монгол орон даяар болон гадаад орнуудад суралцдаг Монгол оюутны дунд спортын 15 төрлөөр анх зохион байгуулав. Энэ наадам 2009, 2013, 2017, 2020 онуудад дөрвөн жил тутамд Засгийн газрын шийдвэрээр явагдаж ирсэн ба 120 гаруй их дээд сургууль, коллежийн 35,000 оюутан тамирчид наадмын 3 үе шаттай тэмцээнүүдэд хамрагдан оролцжээ.
  • БНХАУ-ын Гаунжоу хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах хөнгөн атлетикийн анхдугаар тэмцээнээс БХИС-ийн оюутан П. Маамуу Азийн оюутны аваргын тэмцээний анхны хүрэл медалийг хүртэв.
  • 2007 он- БТС-ын хуулийн дагуу Нийслэлийн засаг даргын дэргэд Оюутны шигшээ багийг байгуулах тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарч, оюутны шигшээ багийг Нийслэлийн БТСГазар хариуцан ажиллуулж байна.
  • Тайландын Бангкок хотноо 2007 оны 8 сарын 5-6 нд зохиогдсон ОУОСХ-ны 30 дугаар Ерөнхий ассамблейн чуулганаар ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан 71 орны санал авч ОУОСХ-ны Ерөнхий санхүүчийн албан тушаалд 4 жилээр анх удаа сонгогдсон бол дахин 2011-2023 онд энэ албан тушаалд улиран сонгогджээ.
  • МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д. Жаргалсайхан нь 2007 онд ОУОСХ-ны Хяналтын хорооны гишүүнээр анх удаагаа томилогдов. Тэрээр 2011-2019 онд дахин энэ албан тушаалд ажиллан, 2019-2023 онд тус хорооны дэд даргаар сонгогдон ажиллаж байна.
  • 2008 он- Монгол оронд анх удаагаа Азийн оюутны аваргын тэмцээн (ОАШТ) 2008 оны 4 сард ширээний теннисний төрлөөр явагдав. МОСХ-ноос оюутны УАШТ-ийг амжилттай зохион байгууллаа.
  • БНХАУ-ын ОСХ-ны урилгаар МОСХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо туршлага судлан, аялалын арга хэмжээнд оролцлоо.
  • 2009 он- Тайландын Бангкок хотноо болсон эмэгтэй волейболын Азийн ОАШТ-нээс багийн спортын төрлөөр анх удаагаа Монголын тамирчид анхны хүрэл медаль хүртсэн. Эмэгтэй волейболын тамирчид Улаанбаатар хотноо 2012 онд болсон Азийн ОАШТ-нээс амжилтаа ахиулан мөнгөн медаль хүртсэн билээ.
  • 2010 он- Тайваны Тайпей хотноо болсон эрэгтэй сагсан бөмбөгийн Азийн ОАШТ 3 дугаар тэмцээнээс Монголын баг хүрэл медаль хүртсэн бол 2012 онд энэ амжилтаа давтсан билээ.
  • 2011 он- МОСХ-ноос анх удаагаа дэлхийн оюутны Универсиад наадамд 10 дээш төрөлд, 100-аас илүү хүнтэй буюу 12 спортын төрөлд 146 хүний бүрэлдэхүүнтэй байгийг БНХАУ-ын Шенжень хотноо болсон наадамд оролцуулах ажлыг зохион байгуулсан юм. “Универсиадын боловсролын аян"-г орон нутгийн сургуулиудаар эхлүүлэн Архангай, Завхан, Говь-Алтай, Ховд аймгуудаар сурталчилгаа явуулав.
  • 2012 он – Оюутны спортын боловсролыг дээшлүүлэх хүрээнд МОСХ, МУБИС-тай хамтран анхны “Универсиадын иж бүрэн танхим"-ыг БТСургууль дээр өвөл, зуны Универсиадын 51 самбарыг байрлуулан нээж ажиллуулсан. МОСХолбоо эмэгтэй волейболын төрлөөр Азийн ОАШТ-ийг явуулж, Монголын баг тамирчид мөнгөн медаль хүрлээ.
  • 2013 он - Үндэсний оюутны “Универсиад-2013" наадмаас шалгарсан тамирчдаас сонгон, спортын 15-н спортын төрөлд анх удаагаа Монголын баг тамирчдыг бүрдүүлэн, хамгийн өргөн 180 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг 07 сарын 06-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо болсон зуны Универсиад наадамд оролцуулан дээд амжилтыг тогтоосон.
  • ОХУ-ын Казаний Универсиад наадмаас Монголын тамирчид түүхэндээ хамгийн олон буюу 3 алт, 6 мөнгө, 16 хүрэл, нийт 25 медаль авч, хамгийн өндөр спортын амжилтыг тогтоосон. Энэхүү үзүүлэлтээрээ Монголын баг тамирчид дэлхийн 160 орноос 25 медалийн тоогоор 12 дугаар байрт, медалийн чанарын үзүүлэлтээр 20 дугаар байрт тус тус оржээ.
  • 2014 он - Монгол улсад анх удаа ОУОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг Улаанбаатар хотноо 08 сарын 26-28-нд хүлээн авч амжилттай зохион байгуулав. Энэхүү хуралд ОУОСХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдлагууд Монгол оронд ани удаагаа бүгдээрээ нэгэн дор айлчилсан юм.
  • Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 2033 онд өвлийн Универсиад наадам зохион байгуулах харилцан ойлголцлолын санамж бичгийг ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галлеан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар БНСУ-ын Гванжу хотноо болсон ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлын үеэр байгуулж, гарын үсэг зурлаа.
  • Монголын баг тамирчид анх удаа хамгийн олон 10 төрөлд 2014 оны Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчидаа илгээсэн юм. Тамирчид таэквондо, гольф, байт харваа, чөлөөт бөх, шатар, бокс, буудлага, модон бөмбөг, хүндийн өргөлт, тэшүүрийн төрлийн оюутны ДАШТ амжилттай оролцлоо. Оюутны ДАШТ-ээс нэг жилд бүх түүхийн үеэдээ авч байгаагүй хамгийн олон тооны 17 медалийг (1 алт, 3 мөнгө, 13 хүрэл) хүртсэн билээ.
  • МОСХ-ноос анх удаагаа "Оюутны спорт, Универсиад наадам" номыг хэвлүүлэн гаргаж, Универсиадын боловсрол олгох ажилд үнэтэй хувь нэмрээ орууллаа.
  • 2015 - “Универсиад-2015” наадмыг спортын 13 төрөлд зохион байгуулж наадмаас шалгарсан шилдэг тамирчдыг БНСУ-ын Гванжу хотноо 07 сарын 06-17-ны өдрүүдэд болсон Дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадамд оролцуулсан. Тус наадамд 12 спортын төрөлд 148 хүний бүрэлдэхүүнтэй оролцож 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 медаль хүртсэн.
  • АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлыг Улаанбаатар хотноо 05 сарын 23-25-нд хүлээн авч амжилттай зохион байгуулсан. Хуралд АОСХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, холбооны бусад төлөөлөгчид оролцсон.
  • Хурлын үеэр 2016 онд болох Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI тэмцээнийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг олгосон юм. 
  • Монголын 3х3 сагсан бөмбөгийн оюутны эрэгтэй тамирчид БНХАУ-ын Мүгдэн хотноо болсон анхны Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.
  • 2016 - Монголын баг тамирчид Дэлхийн оюутны аварга шалгаруулах 2016 оны тэмцээнд нийтдээ 10 спортын төрөлд (шатар, байт харваа, чөлөөт бөх, буудлага,  модон бөмбөг,  хүндийн өргөлт, дугуй, скуаш, спорт авиралт, 3х3 сагсан бөмбөг) оролцлоо. Оюутны ДАШТ-ээс нийтдээ 13 медалийг (4 алт, 4 мөнгө, 5 хүрэл) хүртээд байна.
  • ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны XI тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах эрхийг өгсөн. Тэмцээнийг Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 01-05-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж 23 орны 246 төлөөлөгч оролцсон.
  • Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн VI тэмцээнийг Улаанбатар хотноо есдүгээр сарын 18-25-нд Хандгайт дахь Олимп цогцолбор, Буянт-Ухаа спортын ордонд амжилттай зохион байгуулсан. Монгол улсын баг тамирчид 2006 оноос эхлэн тус тэмцээнд тасралтгүй оролцож анх удаа Азийн оюутны аварга болсон юм.
  • Олон улсын оюутны спортын өдрийг Монгол улсад анх удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг сагсан бөмбөгийн оюутэы Азийн АШТ-д оролцож байгаа баг тамирчдын хамтаар амжилттай зохион байгууллаа. 
  • 2017 - Монголын оюутны спортын “Универсиад” IV наадмыг БТС-ын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 158 тогтоол, БСШУС-ын сайдын А/155 тушаалаар ЗБХ-г байгуулж, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр удирдсан. Наадам спортын 11 төрлөөр (аэробик, волейбол, гандбол, жүдо, модон бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетик, чөлөөт бөх, цана, шатар, ширээний теннис) зохион байгуулагдсан. МОСХ нь наадамдд 62 ИДСК-ийг хамруулан, анхан шат, бүсээс шалгарсан 2354 оюутан тамирчид шигшээ наадамд өрсөлдөж, 219 дасгалжуулагч, багш удирдан, 274 шүүгч нарыг оролцуулсан.
  • МОСХ-ын хөөцөлдлөгөө, санаачлагийн үр дүнд БСШУС-ын сайдын 2017 оны А/103 тоот тушаал гарч ИДС-д биеийн тамирын хичээлийг 3 кредит цаг үзэхээр боллоо. Өмнө нь тодорхой кредит цаг заагаагүй байсан тул энэ асуудалд үзэмжээрээ хандан хичээл сургалт явагдахгүй, цагийг багасгах зэрэг сөрөг үзэгдэл гарч байсан юм.
  • Тайваны Тайпей хотноо 08 сарын 19-31-нд болсон Дэлхийн оюутны спортын зуны Универсиад XXIX наадамд спортын есөн төрөлд 76 бүрэлдэхүүнтэй оролцож бильярдын төрөлд мөнгө, хүрэл медаль, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэв. 
  • Монголын оюутны 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй тамирчид БНХАУ-ын Шиамень хотноо болсон оюутны дэлхийн лигийн тэмцээний аваргын алтан медалийг анх удаагаа хүртлээ.
  • БНХАУ-ын Линву хотноо болсон чирлидингийн анхны Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй баг хүрэл мздаль хүртэв. Энэ үеэр Монголын оюутан тамирчид футзалын оюутны Азийн АШТ-д анх удаагаа оролцлоо.
  • 2018 - Оюутны ДАШТ-д спортын гурван төрөлд Монголын баг тамирчдыг шалгаруулан, бэлтгэн оролцуулж хүндийн өргөлтийн төрөлд мөнгөн медаль хүртлээ.
  • Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй, эрэгтэй баг оролцож эрэгтэй баг хүрэл медаль хүртсэн. Азийн оюутны аварга шалгаруулах хөлбөмбөгийн IV тэмцээн БНХАУ-ын Жинжиянь хотод болж Монгол улс тус тэмцээнд эмэгтэй багаа  анх удаа оролцуулж, эрэгтэйчүүд 15 багаас 11 дүгээр байрт шалгарлаа.
  • 2019 - Дэлхийн оюутны спортын өвлийн 29 дүгээр “Универсиад” ОХУ-ын Красноярск хотноо болж цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын 5 спортын төрөлд баг тамирчидаа оролцсон. Анх удаагаа уран гулгалтын төрөлд Монголын тамирчинг Универсиад наадамд оролцуулав.
  • Италийн Наполи хотод болсон Универсиад наадамд спортын 7 төрөлд, 46 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг бэлтгэн, зохион байгуулж оролцууллаа. Жүдо бөхийн төрөлд Б.Баасанжаргал 63 кг-ийн жинд мөнгөн медаль, таэквондогийн тамирчин ОУХМ М.Түмэнбаяр -58 кг-ийн жинд тулалдан анх удаагаа Универсиадын мөнгөн медаль хүртсэн.
  • МОСХ-ны 30 жилийн түүхэн ойн баярын үйл ажиллагааг ИДС-ийн удирдлага, оюутнууд, тамирчин, багш дасгалжуулагч нар, спортын холбоодын төлөөлөлийг оролцуулан МУИС дээр ёслол төгөлдөр тэмдэглэсэн. 
  • 2020 - БТС-ын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) 17.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолоор 2020 оноос эхлэн оюутны спортын наадмыг өвөл, зуны төрлөөр хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар болов.
  • БСШУС-ын сайдын 2019 оны А/493 дугаар тушаал гарч Монголын оюутны спортын V наадмыг спортын 10 төрлөөр (волейбол, гандбол, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис) явуулахаар шийдвэрлэн БТСГ-ын даргын А/357 тушаалаар ЗБХ-г байгуулан 11 сарын 02-ны өдөр нээлтээ хийн, сагсан бөмбөгийн тэмцээн дуусч, гандболыг тэмцээн явагдаж байх үеэд 11 сарын 11-нээс эхлэн Ковид-19 коронавирусын цар тахлаас шалтгаалан наадмыг тодорхой бус хугацаагаар хойшлуулаад байна. 
  • ОУОСХ-ны оюутны хороонд МОСХ-ын сайн дурын ажилтан З.Оюунбилэг гишүүнээр сонгогдов.
  • Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 98 жилийн ой, Монголын залуучууд, оюутны спортын анхдугаар наадам зохиогдсоны 60 жилийн ой, Монголын оюутны спортын холбоо (МОСХ) үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой, Монголын тамирчид дэлхийн оюутны “Универсиад” наадамд оролцож эхэлсэний 55 жилийн ой, Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ) байгуулагдсаны 70 жилийн ой, Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам зохиогдсоны 60 жилийн ой, Азийн оюутны спортын холбоо (АОСХ) байгуулагдсаны 28 жилийн (1992-2020) түүхэн ойд зориулан МОСХ нь “Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” нэртэй 404 хуудастай 50,5 хэвлэлийн хуудастай түүхэн номоо анх удагаа хэвлэн гаргалаа.