МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙ БАЯР


Монголын оюутны спортын холбооны (МОСХ)-30 жилийн ойн баярын үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МУИС-ын Төв номын сангийн 303 тоот ёслолын танхимд явагдлаа. Баярын хуралд МОСХ-ны УЗ-ийн гишүүд, БСШУСЯ, БТСГ, МҮОХ, МЗХ, ИДС-ийн удирдлага, оюутнууд, тамирчин, багш дасгалжуулагч нар, спортын холбоодын хүндэт зочид оролцлоо. Монголын оюутны спортын холбооны түүхт 30 жилийн ойн үеэр Монгол улсад оюутны спортын хөдөлгөөн үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол Улсад анхны оюутны спортын наадам зохиогдож эхэлсний түүхт 60 жилийн ойн баярыг давхар тэмдэглэжээ.
Монгол улсад оюутны спортыг хөгжүүлэх, Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) үйл хэрэгт Монголын оюутны идэвхтэй оролцоог хангах зорилгоор 1989 оны 6-р сарын 25-ны өдөр МХЗЭ-ийн Төв Хорооны товчоо, Шинжлэх Ухаан, техник дээд боловсролын улсын хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Монголын Оюутны Холбооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоолоор МОСХ-г анх байгуулсан түүхтэй. Харин Монголын оюутны спортын хөдөлгөөнийг 1922 онд Багшийн сургууль анх байгуулагдаж, оюутан суралцагчидтай болсон үеэс үүсч хөгжсөн гэж үздэг. Монгол Улсад анхны оюутны спортын Универсиад наадам зохиогдож эхэлсэн үеийг 1959 онд “Монголын залуучууд, оюутны спортын анхдугаар их наадам” зохиогдсноор тооцдог.
Баярын хурлыг нээж МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Голомт санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан үг хэллээ. Харин баярын хурлын илтгэлийг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч, МУГДасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан хийв.
Ойн баярын үйл ажиллагаанд зориулсан баярын мэндчилгээг гадаад, дотоодын олон байгууллагаас ирүүлснийг танилцуулсан байна. ОУОСХолбооны Ерөнхийлөгч, ОХУ-ын иргэн, ШУ-ны доктор, профессор, О.В.Матыцин, АОСХолбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн, доктор Шуе Янчины мэндчилгээг ойд оролцогчдод танилцуулсан. Мөн МОСХ-г анх байгуулалцсан БТСГ, МЗХ-ны мэндчилгээг тухайн байгууллагуудын удирдлагууд болох Ц.Одонбаяр, Ө.Шинэхүү, нар уншиж, танилцуулан гардуулав. Баярын хурал дээр Универсиад наадамд оролцож байсан ахмад тамирчдаа төлөөлөн 1977 оны чөлөөт бөхийн Универсиадын аварга, МУХБаатар, МУГТ, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга З.Ойдов үг хэлж, Болгарын Софи хотноо болсон Универсиад наадамд УБДС-ийн оюутан байхдаа оролцож байсан тухайгаа ярилаа.
Баярын хурлын үйл ажиллагааг тохиолдуулан Монголын оюутны спортыг хөгжүүлэх, оюутны тэмцээн, наадам зохион байгуулахад идэвхтэй оролцон, оюутны биеийн тамир, спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан спортын зүтгэлтэн, багш нарт шагнал гардуулах арга хэмжээ болжээ. БТСГ-ын шагналаар Э.Эрдэнэбилэг, Ж.Баньдхүү, Д.Түмэнтөгс бүгд МУИС-ийн багш нар, М.Ганболд-Мон-алтиус ДС, Э.Баатарсүрэн-МУБИС нарыг, МҮОХ-ны шагнал “Алтан очир” одонгоор Л.Гүндэгмаа-ҮБТДС, Х.Батсайхан-МОСХ, “Олимпийн алдар” одонгоор М.Бат-очир, М.Амаржаргал-ШУТИС, “Алтан медаль”-иар Ж.Дашпүрэв-ҮБХИС, МЗХ-ны шагнал “Хөдөлмөрийн алдар” медалиар Л.Алтанцэцэг- ҮБТДС, М.Өсөхбаяр-Мон-алтиус БТДС, “Тэргүүний залуу” алтан медалиар Б.Батзориг-ХААИС нарыг, Нийслэлийн засаг даргын шагнал Нийслэлийн тэргүүний ажилтнаар С.Амгаабазар-ХААИС, Ч.Ням-ШУТИС, жуух бичгээр Ц.Мөнх-эрдэнэ-ХААИС, П.Мөнхзул-АШУҮИС, Б.Батболд-ҮБХИС нарыг тус тус шагнасныг гардууулан өгөв.
Мөн МОСХ-ны тусгай шагнал, хүндэт өргөмжлөлөөр Монгол Улсаас анх 1965 оны оны Универсиад наадамд амжилттай оролцсон волейболын тамирчин, багийн ахлагч МУГТ Ц.Шоовдор, Анхны Универсиадын аварга Ц.Нацагдоржийн эхнэр Б.Насанбат, Универсиад-1977 наадмын аварга З.Ойдов, Универсиад наадам, оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцсон МОСХ-ны шатрын багийн ахлах дасгалжуулагч П.Жигжидсүрэн, чөлөөт бөхийн оюутны шигшээ багийн дасгалжуулагч, ҮБТДС-ийн багш Ц.Баярсайхан нар, “Универсиад 2003” наадмын хүрэл медальт, 2006 оны дэлхийн оюутны жүдо бөхийн аварга Х.Цагаанбаатар, “Универсиад 2013” наадам, 2014 оны оюутны дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМастер Г.Нандинзаяа, “Универсиад 2015” наадам, 2014 оны оюутны дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, ОУХМастер Э.Даваахүү, Оюутны дэлхийн аварга шалгаруулах 2018 оны тэмцээний мөнгөн медальт, хүндийн өргөлтийн ОУХМастер Г.Ануужин нарыг шагнасныг МОСХ-ны дэд Ерөнхийлөгч, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны Гүйцэтгэх захирал, доктор Б.Ганхуяг шагналыг гардуулан өгсөн.
Түүнчлэн ойн арга хэмжээний үеэр МОСХ-ноос жил бүр олгодог Монгол Улсын 2019 оны “ШИЛДЭГ ОЮУТАН ТАМИРЧИН”-г шалгаруулав. Шагналыг 2019 оны 07 сард Итали улсын Наполи хотноо болсон “Универсиад 2019” наадмын таекводогийн мөнгөн медальт М.Түмэнбаяр, жүдогийн хүрэл медальт Б.Баасанжаргал болон С.Тулга дасгалжуулагчтай Азийн оюутны 2019 оны аварга 3х3 сагсан бөмбөгийн багийн тамирчин Ч.Ихбаяр, М.Өлзий-Орших, Б.Алтангэрэл, Г.Ган-Эрдэнэ нарт МОСХ-ны цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийг гардуулан өгөв. Мөн 2019 оны шилдэг сургуулиар ШУТИС, МУИС, ХААИС, ҮБТДС, Мон-Алтиус ДС нар шалгарлаа.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО