МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН V НААДМЫГ ХОЙШЛУУЛАА


Шинэ оны өмнө хуралдсан наадмын Зохион байгуулах хорооны шийдвэрээр Монголын оюутны спортын V наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшууллаа. Уг хороонд Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын их, дээд сургуулиудын консорциум, Монголын оюутны холбоо, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Монголын оюутны спортын холбоо зэрэг зургаан байгууллагын 10 гишүүн ордог бөгөөд тэд зөвшилцөж наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахыг дэмжсэн юм.

Монголын оюутны спортын V наадмын нээлтийн ажиллагаа 2020 оны 11 дүгээр сарын 02-нд Спортын төв ордонд ёслол төгөлдөр хийгдэн, сагсан бөмбөгийн тэмцээнээ зохиож, гандболын тэмцээн явагдаж байгаад дундаасаа 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн “COVID-19” цар тахлын хоригын улмаас зогссон юм. Наадам нь спортын 10 төрлөөр буюу волейбол, жүдо, таеквондо, футзал, чирлидинг, чөлөөт бөх, шатар, ширээний теннис гэсэн төрлүүдээр 2020 оны 12 дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэн явагдах байсан.

Энэхүү наадмыг зохион байгуулж буй зорилго нь оюутны бие бялдрын боловсролыг нэмэгдүүлэх, биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнд идэвхтэй оролцуулах, спортод хандах сонирхлыг төрүүлэх, бие даан спортоор хичээллэх эрмэлзлэлийг бий болгох, урам өгч хөгжүүлэх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, чөлөөт цагийг зөв оновчтой өнгөрүүлэх, их, дээд сургуулийн биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих, эрчимжүүлэх, хичээл, сургалтыг сайжруулах, секцийн ажлыг тогтмолжуулах, ур чадвартай тамирчдыг сонгон шалгаруулж олон улс, тив, дэлхийн тэмцээн, Универсиад наадамд өрсөлдөхөд чиглэгдэж байна.

Засгийн газрын 2018 оны 183 тогтоолоор батласан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын дагуу явагдаж байгаа энэхүү наадамд оролцохоор Монгол Улсын 88 их, дээд сургуулийн 147 мянга гаруй оюутан залуучуудыг төлөөлөн 33 их, дээд сургуулийн 1,994 оюутан, 1,500 гаруй багш дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч, сайн дурын ажилтан, оюутнууд бүртгүүлэн, зарим төлөөлөгчид нь мандатаа авч арга хэмжээндээ оролцон, наадмын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байсан юм. Энэ удаагийн наадмын дэмжигч байгууллагаар үндэсний бүтээн байгуулалтын эхлэл болсон “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн оюутны үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна.

Монголын оюутны спортын наадам нь 2005 оноос эхлэн дөрвөн жил тутамд нэг удаа 2009, 2013, 2017 онд явагдсан бөгөөд 2020 оноос эхлэн Засгийн газрын шийдвэрийн дагуу дэлхийн Универсиад наадмын жишгээр хоёр жил тутамд зохион байгуулагдахаар болсон юм.

Ташрамд сонирхуулахад, Монголын оюутны спортын V наадмаас шалгарсан шилдэг оюутан тамирчин 2021 оны наймдугаар сарын 18-29-нд БНХАУ-ын Чендү хотноо болох Дэлхийн оюутны спортын Универсиад XXXI наадамд Монгол Улсаа төлөөлөн  оролцох болно.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО