МОСХ ДҮРЭМ

МОСХ-ны 2012 оны Зургаадугаар
чуулганаар хэлэлцэн батлав.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН

ХОЛБООНЫ ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
  1. Монголын Оюутны Спортын Холбоо (цаашид МОСХ гэх) нь тус орны их дээд сургууль, коллежийн оюутан, залуучуудын дунд биеийн тамир, спортыг эрчимтэй хөгжүүлэх үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ)-ны үйл ажиллагаанд монголын оюутны идэвхитэй оролцоог хангах зорилтуудын үүднээс 1989 оны 6-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо анх үүсгэн байгууллагдсан.
  2. МОСХ нь Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, бусад хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж, өөрийн дүрмийн хүрээнд төр, олон нийт, аж ахуйн газар, мэргэжлийн боловсролын байгууллагууд, иргэдтэй хамтран ажиллана.
  3. МОСХ нь Дэлхийн оюутны спортын "Универсиад" наадам, Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Монгол орныг төлөөлөх эрхийг олон улсын оюутны спортын холбооны гишүүн байгууллагын хувьд дангаараа эдэлнэ.
  4. МОСХ-ны төв нь нийслэл Улаанбаатарт байрлана.
ХОЁР. МОСХ-НЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД
  1. Оюутны спортыг бүхий л төвшинд хөгжүүлэх, оюутнуудын бие бялдрын боловсролыг дээшлүүлэхэд анхаарах
  2. Мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутнуудын харилцаа холбоог ойртуулах үүднээс спортын олон төрлийн тэмцээн, уулзалтуудыг зохион байгуулах
  3. Мэргэжлийн боловсролын сургуулиудын биеийн тамир, спортын үйл ажиллагааг дэмжих, зохион байгуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх
  4. Оюутны спортыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж биелүүлэн ажиллах, оюутны биеийн тамир, спортын ажлыг өргөн сурталчлах
  5. Олон улсын оюутны спортын харилцаагаа өргөжүүлэх
  6. Олон улсын оюутны спортын хөдөлгөөний соёл, боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Универсиадын үзэл, санааг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх
  7. Оюутан тамирчдын спортын амжилтыг дээшлүүлэх, бүх нийтийн болон шинэ спортыг төрлүүдийг дэмжин хөгжүүлэх
  8. Их, дээд сургууль, коллежийн спортын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх
  9. Олон улсын болон үндэсний оюутны спортын хөдөлгөөнд хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шагнаж урамшуулах.
ГУРАВ. МОСХ-НЫ БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  1. Монгол улсад оюутны спортын хөдөлгөөнийг удирдах дээд байгууллага нь дөрвөн жилд нэг удаа хуралдах Монголын оюутны спортын холбооны чуулган мөн.
  2. МОСХ-ны чуулганыг хуралдуулах хугацааны товыг 3 сараас доошгүй хугацааны өмнө МОСХ-ны удирдах зөвлөлийн хурлаас зарлана.
  3. Чуулганд МОСХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог сургуулиас сонгон жагсаалтыг гарган, төлөөлөгчдийн орон тооны хязгаарыг Удирдах зөвлөлөөс тогтоон батлана.
  4. МОСХ-ны чуулганаар дор дурдсан асуудал хэлэлцэнэ.
    • 3.4.1. МОСХ-ны тайлан
    • 3.4.2. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлах
    • 3.4.3. МОСХ-ны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж боловсронгуй болгох
    • 3.4.4. Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх
  5. МОСХ-ны чуулганд МОСХ-оор батлагдсан гишүүн сургуулиудын клубууд, оюутны спортын чиглэлтэй бусад байгууллагуудын төлөөлөгчид оролцож болно. МОСХ-ны Удирдах зөвлөл, ХШЗ-ийн гишүүд шууд, таслах эрхтэй орно.
  6. МОСХ-ны ерөнхийлөгчид МОСХ-ны чуулганы төлөөлөгчид дотроосоо нэр дэвшүүлж, нууцаар (нэг нэр дэвшигчтэй үеэд нээлтэй санал хураан) санал хураан, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
  7. МОСХ-ны чуулганд МОСХ-ны ерөнхийлөгч нэр дэвшүүлэн хэлэлцүүлж МОСХ-ны удирдах зөвлөлийг 11 хүртэл, Хянан шалгах зөвлөлийг 3 хүний бүрэлдхүүнтэйгээр тус бүр дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.
  8. МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүд жилд 1-ээс доошгүй удаа хуралдана. Хуралдааны хооронд яаралтай асуудлуудыг байнгын зөвлөл шийдвэрлэнэ. Энэхүү байнгын зөвлөлд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга орно. Байнгын зөвлөлийн хурлын шийдвэрийг МОСХ-ны удирдах зөвлөлийн дараагийн хуралдаанаар батламжилна.
  9. Хянан шалгах зөвлөл нь МОСХ-ны дүрмийн биелэлт, холбогдох шийдвэрүүд, МОСХ-ны санхүүгийн үйл ажиллагааг хяналт тавина.
  10. МОСХ-ны ерөнхийлөгч нь МОСХ-г удирдах асуудлыг хариуцана. Ерөнхийлөгч нь удирдах зөвлөл, байнгын зөвлөлийн хуралдааныг зарлан явуулна.
  11. МОСХ-ны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх, огцруулах тухай саналаа холбооны Удирдах зөвлөлд МОСХ-ны ерөнхийлөгч оруулна.
  12. Чуулган, удирдах зөвлөлийн хуралд нийт төлөөлөгчид, гишүүдийн 50-иас дээш хувь оролцсон тохиолдолд хүчинтэйд тооцно. Шийдвэрийг хуралд оролцож байгаа гишүүдийн ердийн олонхийн саналаар гаргана.
  13. МОСХ-ны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн асуудлаар шийдвэр гаргана.
  14. МОСХ нь үйл ажиллагааныхаа тайлан тэнцлийг холбогдох төрийн бус байгууллагуудад зохих журмын дагуу гаргаж хүргүүлнэ.
  15. Удирдах зөвлөлөөс МОСХ-ны салбар холбоо, комиссыг байгуулан ажиллуулж болно. Тэдгээрийн удирдлага, дүрэм, ажлын хуваарь, чиглэлийг батлана.
ДӨРӨВ. ГИШҮҮД
  1. Сургууль хамт олноо төлөөлж буй доор дурдсан байгууллагууд МОСХ-ны гишүүнд элсэж болно.
    • 4.1.1. Тухайн сургууль, хамт олны оюутан тамирчдыг бүхэлд нь хамруулсан сургууль, спортын холбоо, сургуулийн спортын клубууд
    • 4.1.2.Хэрэв ийм төрлийн байгууллага байхгүй бол сургуулийн оюутны спортыг төлөөлж буй сургуулийн оюутны холбоо, зөвлөл төлөөлж болно.
  2. Шинээр гишүүн элсүүлэх асуудлыг МОСХ-ны байнгын зөвлөл хэлэлцэж Ерөнхийлөгч шийднэ. Гишүүн байгуулага нь МОСХ-ны зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.
  3. Гишүүн байгууллага нь МОСХ-ны дүрмийг зөвшөөрч өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах МОСХ-ны салбар ТББайгууллага юм.
  4. МОСХ-ны гишүүн байгууллагууд нь банкинд харилцах данстай байж болно. Тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
    • Сургууль дээрээ жил бүр нийтийг хамарсан биеийн тамир, спортын олон талт арга хэмжээ, спортын наадам, тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулах;
    • МОСХ-ны гишүүн байгууллагын жил бүрийн татвараа төлсөн байх;
    • МОСХ-ны зохион байгуулж байгаа Универсиад наадам, оюутны УАШТэмцээн, бусад арга хэмжээнд идэвхтэй оролцох
    • Жил бүрийн үйл ажиллагааны тайлангаа МОСХ-нд ирүүлэх;
  5. Энэ дүрмийн 4.5-д заасан нөхцлийг биелүүлээгүй бол МОСХ-ны идэвхгүй гишүүн болж тухайн байгууллагын төлөөлөгч нь чуулганд орохгүй, санал өгөх эрхгүй оролцож болно.
  6. Гишүүний татвараа төлөөгүй сургуулиуд нь МОСХ-ноос зохион байгуулж байгаа Универсиад наадам, оюутны УАШТэмцээнд оролцох эрхийн татвараа хоёр дахин нэмэгдүүлэн төлж байж тэмцээнд орох эрх эдлэнэ.
ТАВ. ХОЛБООНЫ ХӨРӨНГӨ
  1. МОСХ-ны хөрөнгө нь холбооны дэмжигч болон ивээн тэтгэгч байгууллага, хүмүүсээс өргөсөн хандив, гэрээсэлсэн зүйл, өөрийн хөрөнгө аж ахуй, үйлчилгээний орлогоос болон бусад зүйлээс бүрдэнэ.
  2. Зээлийн өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө
  3. Гишүүн байгууллагууд МОСХ-ны гишүүний татварыг жилд нэг л удаа төлнө. Татварын хэмжээг МОСХ-ны ерөнхийлөгч тогтооно.
  4. МОСХ-ны хөрөнгө санхүүг оюутны спортын үзэл санаа, спортыг хөгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.
ЗУРГАА. ТАТАН БУУЛГАХ
  1. МОСХ-ны чуулганы хуралдаанаар төлөөлөгчдийн дөрөвний гурав нь дэмжсэн тохиолдолд МОСХ-г татан буугдсанд тооцно.
  2. Татан буугдсан тохиолдолд МОСХ-ны өмч хөрөнгийг захиран зарцуулах асуудлыг МОСХ-ны чуулган шийднэ.
ДОЛОО. ТАНИХ ТЭМДЭГ, ТУГ ТЭМДЭГ
  1. МОСХ-ны таних тэмдэг нь цагаан дэвсгэр дээр улаан өнгөөр "У" үсгийг дүрслэн харуулж тэднийг холбосон хөх өнгөөр "М" үсгийг байрлуулна. Энэ үсэгнүүдийн хэлхээ холбоос нь "М" Монголын, "О" оюутны, "С" спорт гэсэн үгнүүдийн эхний үсгийг илэрхийлсэн бэлэгдэл байна. Таних тэмдэгийн доод хэсэгт ОУОСХ-ны таван 5 хошууг байрлуулна. Таних тэмдэгийг тойруулан хөх өнгөөр Монголын оюутны спортын холбоо, "Mongolian Student Sports Federation" гэсэн бичлэгтэй байх ба эдгээр бичлэгийн хоёр талын нийлсэн дунд хэсэгт таван хошуу байрлуулна.
  2. МОСХ-ны туг нь 200 см (өргөн) х 150 см (өндөр) хэмжээтэй, цагаан өнгийн эдээр хийгдсэн байх ба төв хэсэгт нь МОСХ-ны таних тэмдэгийг хүндэтгэн байрлуулж, Монголын оюутны спортын холбоо гэсэн бичээстэй байна.
  3. МОСХ нь албан бичгийн хэвлэмэл хуудас тэмдэг хэрэглэнэ. Банкинд харилцах данстай байна.